БУДДЫН ШАШИН МОН...

 

Буддын шашин Монголд

Буддын шашин Монголын газар нутагт анх НТӨ 3-2-р зуунд орж ирсэн тухай баримт нотолгоо нь Модун шаньюйн үе буюу НТӨ 209 - 174 оноор огноологдсон байдаг. Энэ үеэс эхлэн он цагийн турш цэцэглэн хөгжин, гандан буурч ирсний эрхээр сэтгэгчид ном зохиолоо туурвин ирсэн байдаг.
Монголын нэгдсэн их гүрний үе буюу 1182-1270 онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг эх хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан (1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Сантидевагийн бичсэн "Boddhicaryavatara" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам Бурханы түүх буюу "Mahakala Namo Stuti" судар мөн "Бурхан багшийн арван хоёр зохионгуй", "Manzushri Namo Samghiti" буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ.
Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль "Алтангэрэл" хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг.
14-р зууны сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур", "Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны (1592-1636) үед бүрэн орчуулж дууссан байна.
Буддын гүн ухаан нь ийнхүү үе дамжин судлагдсаар 14-р зууны сүүл гэхэд гүн ухааны их хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна.
Буддын гүн ухаан бүр Хүннүгийн үе буюу нийтийн тооллын өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддын шашин нь төрийн шашин байжээ.
Буддын шашны Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний үед мөн төрийн шашны хэмжээнд хүрч тэр цагийн сор болсон Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг.
Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу 16-р зуунаас хойш үед Төвд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. 1570-аад онд Түмэдийн Алтан хан "Далай Лам" хэмээх цол буй болгон шарын шашныг төрийн шашин болгосноос хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ.

0 сэтгэгдэл: